Ням гараг, 2025-07-27, 1:32 AM | Welcome Зочин | Registration | Login
RSS

Эрүүл агаар

Main » 2011 » 3 cap » 15 » Японы Сэндай хотод сурдаг Монгол оюутнаас ирсэн захидал
11:14 PM
Японы Сэндай хотод сурдаг Монгол оюутнаас ирсэн захидал

Саяхан Япон улсад аймшигт 9,0 магнитудын газар хөдлөлт болсоныг та бүхэн мэдэж байгаа байх. Сэндай хотод эгэл жирийнээр амьдарч сурдаг Монгол оюутан Энхбатын Ононгоос шууд.мн сайтад захидал иржээ. Энэхүү зурвасыг та бүхэндээ сонирхуулахаар боллоо.

Энхбатын Ононгоос Shuud.mn сайтад захидал илгээсэн нь...

Үүрийн 5 цагт гэгээ арай ороогүй л байна. Галт уул, цунами ар араасаа довтолгох Сэндай хот. Харанхуй, эл хуль гудамжаар ганцаараа алхаж явахад яг үхэгсдийн оронд яваа мэт санагдаж байлаа. Гал команд, түргэн тусламжийн машин аюул эцэс болоогүйг сануулах мэт дохиогоо хангинуулан давхихыг эс тооцвол гудамд нэг ч хүн үгүй. Төвийн хэсэг айлуудад л цахилгаан ирсэн байсны нэг нь манайх юм. Монголчуудын бүгж буй газраас гараад, харанхуй замд төөрч будилсаар явсны эцэст 30 орчим минутын дараа гэртээ ирлээ. Ингээд энэхүү захиаг интернэтээр та бүхэнд хүргэх боломжтой болсон юм.

    Сүүлийн 2 хоног 2 жил мэт удаан өнгөрлөө. 11-ний өдрийн 3 цагийн орчимд тэнгэр газар байраа солих мэт орчлон тэр аяараа сэгсчсэн нь 8,9 баллын хүчтэй газар хөдлөлт байв. Газар чичирхийлж эхлэхэд хүмүүс бүгд гарч гүйлдлээ. Гэвч хорогдчихоор газар байсангүй, гадаа байх нь илүү найдвартай байлаа. Би ч бас ухаан мадаггүй гараад гүйлээ.

    Би хүчтэй доргилтонд хөл алдаж, газар суугаад намдахыг нь хүлээв. Дэргэдэх модод, өндөр барилгууд баруун зүүн тийш савлан, газарт цав гарч, нүдний өмнөх байшингийн цонхнууд нь хагарч унахыг би харж байлаа. Юу болоод байгааг ойлгохыг оролдсон ч, гайхашрал, түгшүүр 2 бодлыг минь эзэмдсэн байв. Уйлах гэвч нулимс гарсангүй, орилох гэвч дуу гарсангүй. "Ингээд үхэх юм гэж үү? Үгүй ээ, амьд гарах хэрэгтэй” Гэвч би юу хийвэл зохихоо огт мэдэхгүй байлаа. Дэмий л гар утсаараа солонгост байгаа ээж рүүгээ залгав. "Би ингээд үхэх нь” гээд сүүлчийн удаа ээжийнхээ хоолойг сонсох гэж байсан уу, аль эсвэл "Хайртай шүү” гэдгээ л хэлэх гэж байсан уу, мэдэх юм алга. Гэвч мэдээж сүлжээ ачааллаа дийлэхээ болиод дуудлага хийх боломжгүй болсон байлаа.

Газар хөдлөлт намдсан ч, доргилтууд ар араасаа үргэлжилсээр байлаа. Гэртээ очсон ч мөн адил аюултай, гэхдээ ямар ч байсан өндөр барилга ихтэй хотын төвөөс л түргэн холдох хэрэгтэй. Ингэж бодоод би гэрийнхээ зүг яаран алхлав. Дээгүүр вертелёт эргэлдэж, гал команд, түргэн тусламж, цагдаагийн машинууд дохиогоо хангинуулан давхина. Бороон дусал цасан шуургаар солигдов. Гудмаар хаа нэг тийшээ яарсан хүмүүс бөөн бөөнөөрөө. Таяг тулсан эмээ өвөө нар, бяцхан охиноо дагуулсан эмэгтэй, оюутан бололтой охид хөвгүүд, гэрийнхэндээ санаа зовж буй бололтой тасралтгүй гар утсаараа залгахаар оролдох эрэгтэй. Тог нь тасарсан дэлгүүрийн өмнө хүнсээ зэхэхээр оочерлон зогсох хэсэг хүмүүс. Цэцэрлэгт хүрээлэнд яахаа үл мэдэн бөөгнөрөх асар олон тооны хүмүүс. Сүүлээ хавчин, эзэндээ наалдах нохдын гасалж гангинах нь хотын дүр зургийг улам ч аймшигтай болгож байлаа. Би энэ бүхэн бодитой гэдэгт итгэж чадсангүй. Яг л киноны дотор орсон мэт санагдаж байлаа.


   Арайхийж гэртээ орж ирлээ. Газраар хөглөрсөн тавилга хөлд тээглэнэ. Харанхуйд тэмтчин байж гарт тааралдсан хувцаснуудаа давхарлаж өмсөв. Бичиг баримтаа цүнхэлж, ноосон хөнжил тэврээд хорогдох байр руу зүглэлээ.

   Хорогдох байр гээч нь 2 давхар бүхий сургуулийн байр юм. Тог тасарсан учир аккумляторын тусламжтайгаар хонгилд гэрэл гаргажээ. Биеийн тамирын заал нь хүмүүсээр дүүрсэн учраас шинээр ирэгсдийг ангиуд руу оруулж байлаа. Харанхуй өрөөнд бяцхан зуухыг тойроод сандал дээр хэдэн хүмүүс сууцгана. Ар араасаа хүмүүс орж ирсээр. Ус ч бас тасарсан учраас бидэнд савтай ус, бас талх, хөл хучих бүтээлэг тараав. Ингэж газар чичирхийлэхийг мэдрэнгээ бид нэгэн үдшийг өнгөрөөлөө.

   Үүр цайхыг хүлээж суухдаа маргааш ямар өдөр хүлээж буйг, цаашид юу болохыг би төсөөлж ч чадахгүй байлаа. Хүн аюулын ирмэгт тулахаар, бодож байснаасаа хавьгүй илүү зоригтой байж, амьд гарахын тулд хурдан шалмаг хөдлөн, чадах бүх зүйлээ хийдэг юм байна. Тэр мөчид "Би амьд гарах ёстой. Амьдрах ёстой” гэсэн дуу хоолой чихэнд минь шивнэсээр. Аминд тулсан мөчид хичнээн үнэтэй эд зүйлээ ч хүн орхиод, яажхийгээд амиа аваад гарахыг л боддог юм байна. Эд баялаг,..ямар үнэ цэнэгүй гэдгийг, амь нас гэдэг ямар чухлыг би эрэгцүүлж суулаа. Гэр бүлийнхэндээ ямар их хайртайгаа, бас юу юунаас илүү өөрийнхөө аминд ямар их хайртайгаа... Басхүү татаад авах эх оронтойдоо баярлаж байлаа. Ийм нөхцөлд хэдий хэцүү ч, итгэл найдвараа алдаж л болохгүй. Эх орондоо бид итгэж байна. Элчин сайдын яам маань биднийг аврахаар хөдлөнө гэдэгт итгэж байна. Итгэж байна.
Category: Бусад | Views: 1051 | Added by: n0th1ng | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Сайтын Цэс


Jav [Site BOSS]
n0th1ng [Site ADMIN]

Хэдэн хүн байна?


Нийт байгаа хүмүүс 1
Зочин 1
Хэрэглэгч 0
widgeo.net

BannerFans.com BannerFans.com

Video

Та энэхүү сайтад гишүүнээр элсэснээр мэдээ нийтлэх боломжтой болох юм. Бид таны илгээсэн мэдээг шалгаж байгаад оруулах болно. 

Нээгдээд

Сайт нээгдээд 5739 хоног хонож байна.

Нэвтэрсэн

Юу байна даа Зочин?

Баннер

Ямар өдөр вэ?

Бямба гараг

Хайлт ба хандив

Test your Internet connection speed at Speedtest.net

Хуанли

«  3 cap 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031